Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

Бид эмэгтэйчүүдээ сонсох, тэднийхээ бодит асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах цаашдын хөтөлбөрт эдгээр асуудлуудыг багтаахаар Эмэгтэйчүүдийн долоо хоногийн хүрээнд “Залгаарай, Сонсъё” аяныг эхлүүлээд байгаа билээ. Манай 7510-1206 дугаарт ирсэн санал, санаа зовнисон асуудлууд, түүхүүдээс бид дараах түүхийг, түүхийн эзний зөвшөөрөлтэйгөөр та бүхэндээ хүргэж байна.

Гурван үеийн түүх

Эмээ минь найман хүүхдийн, ээж минь таван хүүхдийн, харин би хоёр хүүхдийн ээж. Эмээ минь социализмын үеийн үйлдвэрийн ажилчин хүн. Ээж ардчилалд шилжих үеийг наймаа хийж давсан хүн. Харин би энэ яг ардчиллын үед нь амьдарч байгаа гэхээр сонирхолтой санагддаг юм.

Эмээ хүүхдүүдийнхээ томуудыг нь 24 цагийн цэцэрлэгт өгч байсан гэдэг юм. Тэд нь томроод дүү нараа харж эхлээд багууд нь бол өдрийн цэцэрлэгт явсан гэнэ лээ.

Ээж минь харин биднийг яаж өсгөснийг сайн санадаг юм. Цэргийн оёдлын үйлдвэр гэж байгаад зах зээлийн нийгэм эхлэх үед татан буугдахад наймаа хийж эхэлсэн. Сар болгон урагшаа бараандаа явна. Ирэхдээ жимс, чихэр гээд амттай юм, шинэ хувцас авчирдаг болохоор нь зугаалж яваад ирсэн юм шиг л төсөөлдөг байсан. Нэг удаа ээжийгээ дагаж явснаас хойш ойлгож, өрөвддөг болсон. Галт тэргэнд бараг суугаагаараа явсаар Замын-Үүд дээр бууж, баахан оочерлож хил гарна. Өдөржин зээлээр тэнэж, бараагаа татаад баахан гахайнд чихээд л, өөрөө өргөж, чирсээр арай чүү галт тэргэндээ суугаад ирдэг байсан юм билээ. Бид нарт авчирдаг жимс нтр нь ачааны л нэмэр, ээж тулдаа л аргалаад авчирдаг байсан байгаа юм. Тэр үед чинь зах эхлээд Дэнжийн 1000-д, дараа нь одоогийн энэ байгаадаа ирсэн. Голцуу л эмэгтэйчүүд, пөөнийсөн пөөнийсөн зузаан юмнууд, сүүлд л хаа сайгүй зах, худалдаааны төвүүд баригдаад наймаачид дулаахан газар суух болсон. Одоогийнх шиг павилон гэж байхгүй, орой болохоор бараагаа зөөх гэж бөөн юм болдог байсныг тод санадаг юм. Зах амардаг өдөр ээж гэр цэвэрлэж, бид нарын хувцсыг угааж өнждөг байлаа. Одоо санахад 2000 оны эхээр л манайх анх угаалгын машинтай болсон юм, тэр болтол гараар л угаана. Ер нь эмэгтэйчүүдийн амьдралыг төр засгаас илүү технологийн дэвшил л илүү хөнгөлсөн байх шүү. Угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагчийн буянаар л гэрийн ажилд зарцуулах цаг багассан гэж боддог.

Гурван үеийн эмэгтэйчүүд дундаасаа анхны дээд боловсролтой нь би. Эмэгтэй хүнийхээ хувьд эмээ, ээжтэйгээ харьцуулах юмгүй хамаагүй аятайхан орчин, нөхцөлд амьдарч байна. Гэхдээ ерөөсөө өөрчлөгдөөгүй шахуу, бүүр дордсон юм ч бий. Бод доо, анх сургуульд орсноосоо эхлээд тоолбол би бараг 20 жил суралцжээ. Монголдоо бакалавр, магистрт сурсан. Хоёр жилийн өмнө гадаадад ахиад магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Төрийн албанд ажиллаж байгаад тэтгэлэг авч, гадаадад сурсан болохоор ирээд бас эндээ ажиллах ёстой. Юм үзэж нүд тайлсан хүний харах өнцөг л тэлдгээс биш одоо миний ажилд гадаад, дотоодод төгссөний нэмэр ч гэж алга. Ахуй амьдралд ч тэгтлээ нөлөөлж буй юм алга. Ер нь энэ олон залуус гадагшаа, дотогшоо сурч ирээд эх орондоо ажиллаж байгаа гээд амьдрал ахуй нь дээшилсэн үү, бүгдийнх нь мэдлэг, боловсролыг ашиглаж чадаж байна уу гэхээр эргэлзээтэй. Хүнд хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу, яг эцсийн зорилго нь юунд үйлчлээд байгаа нь тодорхойгүй ажилд л цагаа зарцуулж буй мэдрэмж төрдөг.

Эмээ, ээжийн үеэс илүү манай үеийнхэнд эхнэр байх, ээж байх, хүүхэд өсгөх нь илүү төвөгтэй болсон юм шиг ээ. Монгол эмэгтэйн туулдаг юм бүрийг туулаад л явж байна. Юу туулдаг вэ гэвэл жишээ нь жирэмсэн болоод өгдөг эхний шинжилгээ өгөх гэж үүрээр очиж оочерлоод л, хүндрэлтэй хагалгаагаар төрсөн мөртөө сахиур ч авч болохгүй гэх мэт. Багыгаа төрүүлээд гурван сарын дараа 250 мянган төгрөгийн урамшуулалтай жижигхэн орчуулга хийчихгүй юу, тэгсэн чинь нөгөө “цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг нь орохоо больчихсон. Ор тас ажилгүй ээжид олгодог юм билээ. Төрийн хүүхдийг төрүүлсэн биш болохоор хэл ам хийгээд явах хүсэл байгаагүй ч сонин л зохицуулалт.

Нийгэм өөрчлөгдөх хэрээр амь зуух амаргүй болж байна. Энэ их түгжрэл, нийтийн тээврийн тохь тухгүйгээс болоод ядаж нэг унах унаатай болох хэрэгтэй. Хажуугийнхаа улсын сургуульд ороод заасан юмыг нь сураад ямар нэг мэргэжил эзэмшихэд л болдог байсан бол одоо улсын сургуулийн хөтөлбөрөөс давж сургахгүй л бол өрсөлдөх чадваргүй л иргэн бэлдэнэ. Ингээд хувийн сургуулийг сонгох болно. Хуучин мань мэтийг сургуульд нь хүргэж өгдөггүй л байсан, одоо бага ангийн хүүхдээ өөрөө яваг гээд орхивол машинд дайруулна, ядахад л нүх рүү унана, дээрээс нь барилгын төмөр ч унана, тэрнээс муу юм ч болж магадгүй. Мань мэт бараг өөрсдөө өссөн, гэтэл одоогийн хүүхдүүдийг зөнгөөр нь орхивол амьдрах цаг үе нь аюултай. Тохь тухгүй, аюултай, хүнээ боддоггүй нийгэм бүтээсний горыг туулж байна шүү дээ. Манайх бол ялгаагүй л олныхоо жишгээр лизингийн байранд олсон хэдэн төгрөгөө хүргэж ядаж амьдарч байна. Ядаж л орох оронтой юм даа. Би өглөө 6-6.30-ын хооронд босоод, цай цүү бэлдээд томыгоо сэрээдэг. Гэрээсээ 7 өнгөрөөж гараад хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд, цаашаа ажил руугаа явдаг, манай хүн багыгаа цэцэрлэгт нь өгнө. Хүү маань тараад сургуулийнхаа өдөр өнжүүлэх рүү ордог юм. Өөр аргагүй. Нэг нь гэртээ суудаггүй юм бол хотын түгжрээнд сургуулийн хүүхэдтэй айл хэцүү хэцүү. Ажлаа тараад, хүүхдүүдээ аваад харина. Гэртээ орлоо бол хоол унд, аяга таваг, гэрийн даалгавар гэсээр л таарна. Хүүхдүүдээ унтуулчхаад орчуулга, судалгааны ажил гээд хэдэн төгрөг илүү олох халтуураа хийнэ. Дандаа шөнө сууж ажилласаар нойрны хэмнэл алдагдсан. Байр, машин, аппликейшний зээл, сургуулийн төлбөр, өдөр өнжүүлэхийн төлбөр гээд хэн хэн нь чадлаараа мачийж байгаа юм. Аль чадлаараа мачийдаг ч гэлээ сэтгэлийн угт дандаа гэмшил төрдөг. Хүүхдүүддээ цаг зарцуулж чадахгүй байна, даалгаврыг нь хийхэд тусалж амжихгүй байна, амралтын өдөр ч хамт байж чадсангүй гээд л.

Гадагшаа яваад ирэхээр яаж амьдарч байгаагаа харьцуулж хараад, яаж амьдарч болохгүйгээ ойлгодог юм шиг байгаа юм. Гадаадад гэр бүлээрээ байсан л даа. Хичээлдээ явж, хажуугаар нь цагийн ажил хийж байсан ч гэсэн гэр бүлдээ зарцуулах цаг хамаагүй их, илүү тайван, бага гэмшиж амьдардаг байсан. Нийгэм сайжирч, хэдэн жилээс дээрдэх байх гэж найдах юм.

X