Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүдийн долоо хоногийг 2024 оны 3 сарын 1-ээс 8-ыг дуустал зохион байгуулж байгаа билээ.
Ардчиллын эмэгтэйчүүдийн хаврын чуулган нь энэхүү долоо хоногийн хамгийн онцлох үйл ажиллагаа юм.
Энэхүү чуулган нь эмэгтэйчүүдийн холбооноос АН-ын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор нийт эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг идэвхтэй сонсох, Холбооны гишүүд дэмжигчдээр бодлогын асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэх, холбооны сонгуульт гишүүд, салбар нэгжийн удирдлагууд үйл ажиллагаагаа уялдуулах, хамтын ажиллагааны хүрээгээ хэлэлцэх, гишүүд дэмжигчдийн урам зоригийг нэмэгдүүлэн шийдвэр гаргагчдад хамтын дуу хоолойгоо хүргэх зорилготой.
Хаврын чуулганы үндсэн бодлогын сэдэв нь “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл” бөгөөд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, дэмжигчид болон мэргэжлийнхэн тус сэдвээр бодлогын байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэх болно.
Ардчилсан нам, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гол үнэт зүйл бол эдийн засаг, улс төр, гэр бүл, нийгэм бүх талбарт хувь заяаныхаа эзэн нь байж чадах ажилтай орлоготой, мэдлэгтэй, ур чадвартай, хүчирхэг иргэд, тэр дундаа хүчирхэг эмэгтэйчүүд билээ.
Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлээ тэлж, бэхжүүлэх нь хүний эрх, шударга ёсны төдийгүй нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийн асуудал юм. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэх нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдэд амьдралаа өөрийнхөөрөө залах, улс эрх орныхоо хөгжлийг түүчээлэлцэх боломжийг олгох билээ. Иймд Хаврын чуулганаараа Ардчиллын эмэгтэйчүүд энэхүү сэдвийг хөндөн хэлэлцэж, бодлогын шийдлүүд дэвшүүлэн, Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, төрийн бодлогод тусгахаар ажиллах юм.
Чуулганд АЭХ-ны сонгуульт гишүүд, салбар нэгжийн удирдлагууд, намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл 1000 орчим эмэгтэйчүүд оролцож байна.