Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

Алслагдмал карьер

“Хүүхдүүд минь цэвэр агаарт өсөж байна. Би зөв шийдвэр гаргасан” гэж өдөр бүр боддог юм. Уул нь зөв шийдвэр юм бол өдөр бүр бодогдох ёсгүй байх. Эхэндээ ингэж бодохоор урам ордог байсан бол одоо өөрийгөө ятгах гэсэн оролдлого болжээ.

Би цахилгаан холбооны инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ таван жил гаруй ажиллаад хүүхдээ асрах гээд гэртээ суусан. Хүүхэд асрах чөлөөний хугацаандаа амжуулчихъя гээд ахиад нэг хүүхэдтэй боллоо. Нөхөр маань уурхайд ажилладаг болохоор сарын тал нь эзгүй байдаг юм. Ханиад томуу дийлдэхгүй, ганцаараа хоёр нялх хүүхдээ асрах амаргүй, хүүхдээ салхилуулахад хүртэл гар мухардана. Хүүхдүүдээ цэвэр агаарт өсгөе, тэгээд ч хэсэгтээ хүүхдээ харах юм чинь хот, хөдөөгийн ялгаа байхгүй биз гэж бодоод гурван жилийн өмнө нөхрийнхөө төрөлх суманд нүүж ирсэн юм. Цэвэр агаар, эрүүл хөрс, тайван амьдрал гээд хөдөө амьдрахын давуу тал их л дээ. Анх зун нүүж ирсэн болохоор ёстой диваажин шиг л санагддаг байсан юм. Угаасаа зуны цагт хөдөө гоё шүү дээ. Өмнө нь хүүхдүүдээ салхилуулах гэж бүтэн өдрийн ажил, унаа унаш, бензин тос, хоол унд гэсээр бөөн зардал болдог байсан бол одоо өөрсдөө шууд гараад хашаандаа гүйлдсээр хөрслөг бор амьтад болсон байна.

Миний хувьд арай өөр л дөө. Хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн багш, дэлгүүрийн хэдэн худалдагчаас өөр хүнтэй харилцахгүй шахам амьдарч байна. Хааяа бачуурах боловч тэглээ гээд хаачхав дээ? Ороод суух олигтойхон газар ч байхгүй. Очоод уулзах сайн найз нөхөд ч байхгүй. Хүүхдүүдтэйгээ зууралдаж гэрээсээ гарах завгүй амьдардаг намайг энд хэн ч танихгүй. Ажилд ормоор санагддаг ч миний мэргэжилд тохирох ажил мэдээж олдохгүй. Сумын төвд захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, цаг уур, банк, дэлгүүр, гуанз гэх мэтийн хэдхэн газарт л ажилд орж болно, гэхдээ тэнд нь нутгийнхан нь өөрсдөө ажиллаж байгаа. Ер нь энд миний карьерын дээд өндөрлөг нь захиргаанд ямар нэг мэргэжилтэн хийх л байна. Хөдөө яаж амьдардгаа харуулдаг влоггер болдоггүй л юм бол шүү дээ. Гэхдээ тэр нь хүн бүрийн хүсдэг ажил мөн гэж үү?

Орох газар, уулзах газар алга гээд гомдоллохын оронд өөрөө хийе гэж бодолгүй л яах вэ дээ. Жижгэвтэр ресторан, кофешоп, сурагчдын өдөр өнжүүлэх төв гээд суманд юу хэрэг болох талаар судалж, хөөцөлдөж үзсэн. Энэ чинь хөдөө шүү дээ. Алийг нь ч хийсэн эхлээд байр сав хэрэгтэй, гэтэл энд түрээслэх газар санаан зоргоор олдохгүй. Өвөл зам дагуу байшинг түрээслэхээр тохироод байтал саяхан сонгуулиар нэг намд түрээслүүлэх болчихлоо. Ер нь өөрсдөө л өөрсдийн юмаа барих нь дээр юм билээ. Даанч зээл хунар нь зургаан жил гэртээ суусан над шиг эмэгтэйд олдоггүй юм билээ. Хөдөө орон нутаг руу нүүсэн хотынхонд хөнгөлөлттэй зээл олгоно л гэсэн, жил хүлээлгээд сураг тасарлаа.

Хүүхдүүдээ бага ангиа төгсөхөөр нь буцаад хот руугаа явъя гэж бодох болсон. Хүүхэд төрүүлээд гэртээ суух нь зарим талаар эмэгтэй хүнд хохиролтой гэдэг. Хөдөө амьдардаг бол бүүр ч хэцуү бололтой. Уул нь миний мөрөөдөл ийм байгаагүй юм аа. Ирээдүйгээ төсөөлөхөөр тэнд би өөрөө харагдахгүй юм. Мэдээж хэрэг гэр бүлээрээ сайхан амьдарч буй зураглал бууна л даа. Гол нь би өөрийгөө ээж, эхнэрээс гадна ямар нэг юм хийж бүтээсэн, хийж бүтээхэд оролцсон хүнээр харахыг л хүсэж байна.

X