2024 оны 03 дугаарын сарын Лиш сэтгүүлийн анхны дугаарын нийтлэлээс хүргэж байна.
УЛС ТӨР АШГИЙН ТӨЛӨӨХ БИЗНЕС БИШ
Улс төр маш их мөнгөтэй хүмүүсийн ажил, мөнгөгүйгээр улс төр хийх боломжгүй гэх ойлголт өнөөгийн Монголын улс төрийн гол аксиом болчихож. Энэхүү хэвшсэн үзэл нэг талаар хатуу үнэн мэт, нөлөө талаар иргэдийн улс төрийн оролцоог мохоох гол өгүүлэмж болжээ.
Олон улсад ч “Money is the mother milk of the politics” буюу “Улс төрд мөнгө эхийн сүү шиг хэрэгтэй” гэх хэллэг бий. Улс төр бол төрийн эрхээр дамжуулж хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын өрсөлдөөн гэх хийсвэр санаа нь явж, явж иргэдийн саналыг сонгуулийн өдөр цаасан дээр өөртөө тэмдэглүүлэн авахын төлөөх мэдээллийн өрсөлдөөн, тэр дундаа хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлэх, нөлөөлөх чадавх бүхий мэдээллийг боловсруулах, иргэдэд олон арга замаар хүргэх, нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлэх үйл явц байдаг. Энэ үйл явцыг улс төрийн нам бодит амьдралд биежүүлж, зохион байгуулалттайгаар нөөцүүд зарж, тогтвортой хэрэгжүүлдэг. Улс төрд оролцох, улс төрийн намын бүтцээр ажиллах нь хүмүүсийн сайн дурын бөгөөд чөлөөт, бие даасан үйл хэрэг тул санхүүжилтийн хувьд ч оролцож буй хүмүүс өөрсдөө хариуцах ёстой гэсэн нийтлэг үндэслэл бий.
Гэхдээ нөгөө талаас улс төр бол дүрэмгүй, зэрлэг өрсөлдөөнөөр уралдаад хэн ялсан нь нийгмийн бүх баялгийг авдаг тэмцээн, эсвэл улстөрчдийн шоу, үзвэр биш. Улс төр бол төлөөллийг хангадаг, ардчиллыг ажиллуулдаг, хүмүүсийн амьдралд хэрэгтэй шийдвэр гаргаж, хөгжил дэвшилд хөтөлдөг салбар.
Улс төрийн үйл ажиллагаа бол цэвэр хувийн ашиг сонирхлынхоо төлөө, хувь хүмүүс хөрөнгө оруулалт хийдэг эргээд санхүүгийн ашиг хүртдэг бизнесийн үйл ажиллагаа огт биш. Улс төрийн эрхээ эдлэн, улс төрд идэвхтэй оролцох нь хувийн сонголт мөн боловч уг эрхээ эдлээд улс төрийн нам болж эвлэлдэн нэгдэж, бодлого дэвшүүлэн өрсөлдөж, төрийн эрхийг хэрэгжүүлэх энэ үйл явц нийтийн эрх ашгийн төлөөх, нийтийн эрх ашигт хамаатай үйл явц юм.
УЛС ТӨР БОЛ ТӨЛӨӨЛЛИЙГ ХАНГАДАГ, АРДЧИЛЛЫГ
АЖИЛЛУУЛДАГ, ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ ШИЙДВЭР ГАРГАЖ, ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХӨТӨЛДӨГ САЛБАР.
Хувиасаа санхүүжилт хийгээд хувийнхаа үйл ажиллагааг явуулж байна, хувийн эрх ашгийнхаа төлөө л улс төрд оролцдог гэх өнцгөөс улс төрийг тайлбарласаар байх юм бол одоогийн энэ авлигажсан систем хэвээрээ л үргэлжилнэ. Монголыг нэвт шувт эзэлсэн авлига гэгч үзэгдэл сонгуулиасаа эхлэлтэй нь хэн бүхэнд тодорхой зүйл. Улс төр бол нийтийн үйл хэрэг бөгөөд нийтийн хяналтад байх ёстой, нийтээс санхүүжиж, нийтэд ил тод байх ёстой гэх суурь логикийг нь зөвөөр харах юм бол яагаад хамтын санхүүжилтийн зарчмаар буюу олны хандив, мөн төрөөс санхүүжих ёстой гэдэг нь ойлгомжтой болж ирдэг.
Улс төрийн нам бодлогоо боловсруулахдаа жижиг явцуу бүлгийн эрх ашгийн үүднээс биш нийтлэг эрх ашгийн үүднээс улс төрийн бодлогоо тодорхойлж ажилладаг ардчиллын хамгийн чухал институци. Нийт иргэдийн татвараар бүрддэг төсөв, нийгмийн баялгийг төр иргэдийн нийтлэг эрх ашгийн үүднээс хуваарилж, хүртэж ажиллах ёстой болохоос ялсан намын хүрээлэл дангаар хүртдэг, ялагдсан нь гадуурхагдаж үлддэг үйл явцыг бид улс төр гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Улс төрийн үйл хэрэгт, намд өгдөг хувийн хандив нь нийтийн сайн сайхны төлөө намын улс төрийн үйл ажиллагааг дэмжихийн сацуу өөрсдийн зүй ёсны эрх ашгаа хамгаалахын төлөөх үзэл бодлын илэрхийлэл гэж үздэг. Бизнес эрхлэх орчныг таатай болгоосой, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалаасай гэсэн хувь хүний зүй ёсны эрх ашиг, үзэл бодол намд, улс төрд хандив болж илэрхийлэгддэг. Зүй ёсны эрх ашиг гэдгийг л мартаж болохгүй, тэрнээс биш тэгш боломжийг үгүйсгэн, шударга бус үйл явцаар тодорхой бүлэглэл эрх ашгаа хангуулахын төлөөх хандив бол авлигын занга гэдэг нь тодорхой.
Аливаа улс орны шийдвэр гаргах түвшинд хүн амын төлөөлөл, хүйсийн тэнцвэртэй оролцоог хангаснаар төрийн бодлого шийдвэр нийт иргэдийн эрх, эрх ашгийг тусгаж, амьдралын чанарт эерэгээр нөлөөлөн, бодит үр нөлөө нэмэгддэг нь олон судалгаагаар нотлогддог.
Гэтэл улс төр мөн чанараасаа холдож, мөнгөнөөс хэт их хамааран, шударга бус байдал ноёлсон цагт төлөөлөл нь хангалтгүй, эрх мэдэл, мөнгөний сүлжээ, бүлэглэлээс хол эмэгтэйчүүд, залуу хүмүүсийн бодит оролцоог хангах гэдэг амаргүй зүйл.
Эмэгтэйчүүдийн улс төрийн хөдөлгөөний олон жилийн тэмцэл, нөлөөллийн үр дүнд хууль тогтоомж, бодлогын хүрээнд хүйсийн төлөөллийг хангах квотыг дээшлүүлж, төсвөөс улс төрийн намд өгдөг санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болсон билээ. Гэсэн хэдий УИХ-ын сонгуулийн зардал өссөөр, 2024 оны сонгуулийн бүсчилсэн том тойрог болон намын жагсаалтын холимог тогтолцоонд улам л өсөх нь тодорхой болж байна.
Сонгуулийн бус үеийн улс төрийн санхүүжилтийг хууль зүйн зохицуулалтын гадна үлдээж, он гарах мөч хүртэл дугтуйтай бэлэн мөнгө, элдэв бэлэг сэлт энгийн мэт л тараагдав. Хаанаас гардаг мөнгө юм бүү мэд. Ил далд сонгогчдын саналыг татах, нөлөөлөх гэсэн санаачилга, хөтөлбөр сонгуулийн жил эрх баригчид гаргахыг хориглоогүй хэвээр л байна. Сонгуультай жил гэнэт хувьцааны ашиг тарааж, цалин тэтгэвэр нэмж, элдэв дэмжлэг тараасаар. Үүн дээр нэмээд мөнгө тараалт гэх “Шрёдингерийн муур” хаа сайгүй гүйлдэх л байх даа.
Ийм нөхцөлд ардчилсан сонгууль хийж хэрхэн иргэдийн төлөөлөл, дуу хоолойг хууль тогтоох байгууллагад хүргэх вэ. Төрийн бодлогын түвшний шийдэл, аль нэг намын стратеги, хэн нэг нэр дэвшигчийн уран нүүдлийг энэ удаад орхиё. Эхний ээлжинд улс төр ба мөнгөний талаарх буруу хэвшмэл өгүүлэмжээ засъя. Улс төрд мөнгө хэрэгтэй нь үнэн. Улс төрөө зөв ойлгож, зөв хийе. Ардчиллын төлөө, улс орны нийтлэг сайн сайхан байдлын төлөөх үйлс улс төр мөн юм бол зардлыг нь ч нийтээрээ гаргаж суръя. Хандивлацгаая, хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулцгаая. Тэгээд өр төлбөр биш жинхэнэ хариуцлага нэхье.