Малчдын хүүхдүүд, охидын ачаалал
(охидын албан бус хөдөлмөр)
Манай аав ээж хоёр Өвөрмонголд малчнаар ажиллаж байгаа болохоор би өвөөгийндөө байдаг. Аавын дүү нарын хүүхдүүд бас байдаг болохоор хурдны морь унадаг нэг дүү минь уяачийндаа, нөгөө дүү дотуур байранд амьдардаг. Аав ээж хоёр нийлээд гурван сая төгрөгийн цалинтай гэхээр нь тийшээ явсан юм. Энд айлын мал малладаг байхад сард 300 мянган төгрөг л өгч байсан гэсэн. Нэгдүгээр ангиасаа эхлээд дотуур байранд байж сурсан болохоор ээж аав хоёрыгоо нэг их санадаггүй л дээ. Хааяа найзынхаа гэрт очих дуртай. Давтлагатай өдөр заримдаа багш шууд тараачихдаг л даа, тэгэхээр нь найзтайгааа гэрт нь очдог. Тэднийх гэр бүлээрээ суугаад хоолоо иддэг, хоорондоо ярьж инээлдээд л, хааяа атаархдаг. Манайх ч гэсэн хамтдаа амьдардаг бол гоё байхгүй юу.
Хичээлдээ явахаас бусад үед нь эгч нарынхаа хүүхдүүдийг харж, гэрийнхээ ажлыг хийдэг. Гэрийн ажлуудаас усанд явах л нэлээн уддаг болохоор бага зэрэг хэцүү. Манай худаг хол, би хэмжиж үзээгүй л дээ, хажуу айлын ах усандаа машинаар явдаг юм, тэр ах л бараг километр гарангийн зайтай гээд байсан. Хичээлээсээ жоохон оройтоод тарахад л эмээ, өвөө залгаад дүү нараа хараач гээд загнана. Яг л миний хүүхдүүд юм шиг, би л хүүхдээ орхиод тэнээд явж байгаа юм шиг. Дүү нартаа хайртай л даа. Гэхдээ сургууль дээрээ хичээлээ давтмаар байдаг юм. Дүү нараа харж, гэрийнхээ ажлыг хийгээд даалгавраасаа илүүг хийж амждаггүй. Шөнө хичээлээ хийх гэхээр гэрэл асааж болдоггүй. Өвөө, эмээ хоёр хөгшин, дүү нар жоохон болохоор унтаж амрах ёстой шүү дээ.
Ноднин зуны амралтаараа амралтын газар ажиллуулдаг хамаатныдаа очиж, хүүхдийг нь харж, нэгдүгээр анги төгссөн хүүхдэд нь хичээл заасан, бас амралтын гэрүүдийг цэвэрлэдэг байсан. Хичээл ороход хичээлийн хэрэгсэл, хувцас, 100 мянган төгрөг өгсөн. Фэйсбүүкээр зар хараад асууж үзэхэд хүүхэд асрагчийн цалин сарын сая төгрөг байдаг юм билээ. Гэхдээ оюутан болохоор тусална гэсэн л дээ. Хурдхан сургуулиа төгсөөд хот орохыг, бас гоё мэргэжилтэй болоод ээж, эгч нараасаа өөр амьдрахыг л хүсдэг.
(Орон нутаг, 16 нас)