Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

Ардчиллын эмэгтэйчүүд: Залгаарай, сонсъё аян амжилттай үргэлжилж байна. Та бүхэн өглөө 09:00 – 18:00 цагийн хооронд манай 7510-1206 дугаарын утсанд холбогдож өөрийн санал, сэтгэгдлийг хуваалцаарай. Бидэнд ирсэн дуудлагуудаас тэтгэмжтэй холбоотой нэгэн түүхийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр та бүхэнд хүргэж байна.

Хүүхдийн тэтгэмж

Би бараг ганц бие ээжүүдийн хувьд жишиг болохуйц шүүхийн шийдвэр гаргуулсан юм. Тэр шийдвэрээр бол хүүхдийн минь эцэг хүүхэдтэйгээ тогтмол уулзах, сар бүр 100 мянган төгрөг шилжүүлэх, насанд хүрэхээс нь өмнө нэг өрөө байр авч өгөх ёстой. Энэ хүртэл юу эсийг үзэж туулсан гэх вэ? Эхнээс нь ярих хэрэгтэй байх.

Бараг арван жилийн өмнө л дөө. Хайрлаж дурлалцсан хүнтэйгээ хамт амьдарч, хүүхэдтэй боллоо. Нэг л өдөр мөрийтэй тоглож, их хэмжээний өрөнд ороод зогсохгүй өөр хүүхэнтэй уулзаж байгааг нь мэддэг юм байна. Хоёр сар маргалдаад салсан ч хагас жилийн дараа ахиад нэг оролдоод үзэхээр шийдсэн юм. Хэн чиг л эхлүүлсэн амьдралаа нураахгүйг, хүүхдээ элэг бүтэн өсгөхийг хүсдэг биз. Тийм болохоор буцаж нийлээд, удалгүй жирэмсэн ч боллоо. Харамсалтай нь ингээд ч болж бүтсэнгүй. Хоёр хүүхэнтэй зэрэг уулздагийг нь мэдлээ. Тэрнээс болоогүй л дээ, өөр юмнаас болоод нэг удаа маргалдтал намайг орноос үсдэж чирж буулгаад өшиглөсөн. Дараа нь духаараа мөргөж унагаж, шүүгээнээс буу гаргаж ирээд сүрдүүллээ. Одоо санахад хамгийн хэцүү нь тэр буу шийдэм биш л дээ, тэр орой би цус алдаж, үр зулбасан юм. Цагдаа дуудсан боловч дуудсанаасаа эсэн юм болж, гурван сарын турш хүүхдээ тэвэрч цагдаагаар эргэлдэж, мөрдөн байцаагчийн үүд сахиад сүүлд нь “гомдолгүй” гээд хэргийг хаалгасан. Энэ хооронд юу ч шийдэгдээгүй, байсхийгээд л байцаагч нь солигдож, шүүх эмнэлгээс “зулбасан” гэж дүгнэлт гараад эрүүгийн хэрэг үүссэн атлаа яасан ч юмгүй өнгөрсөн дөө.

За, салсныхаа дараа арайхийж сэхээ ороод, хүүхдийн тэтгэмж тогтоолгохын тулд мань хүнтэй шүүхдэлцсэн юм. Хүүхдээ ганцаараа өсгөж чадахгүйдээ ингээгүй л дээ. Ердөө л тэр хүн хүүхдийнхээ өмнө хариуцлага үүрэх ёстой гэж бодсон хэрэг. Хүүхдийн тэтгэмжид байр нэхтэл юу болсон гэж санана? Хэдэн ч удаа билээ шүүхээс буцаагдсан юм. Шүүгч нь хүртэл “одоогийн хүүхнүүд ганц хүүхэд гаргачхаад байр нэхээд хэвтчихдэг болж дээ” гэж хэлсэн. Олон нийтийн хандлага ийм л юм билээ. Шүүхэд өгснийхөө дараа сошиал хаягаараа энэ тухайгаа бичтэл бараг бүх найз минь хориглосон. “Бүх юм өнгөрсөн, одоо тайван амьдар, ганц хүүхдийг өсгөх гайгүй шүү дээ, өөрийгөө битгий доош нь хийгээд бай, амьдралаа дэлгэх хэрэггүй” гэх мэтээр зөвлөсөн. Ерөөсөө миний цаад зорилгыг ойлгохгүй, ойлголоо ч дэмжээгүй. Хүн хүүхдийг ганцаараа бүтээдэггүй биз дээ? Эцэг, эх нь хүүхдээ ижилхэн хайрлаж, адилхан хариуцлага хүлээх ёстой. Жил шахуу шүүхдээд, эцэст нь сайн өмгөөлөгчийн хүчээр хүссэн шийдвэрээ гаргуулж чадсан юм. Гэсэн ч шүүхийн шийдвэрээс хойш зургаан жил гаруй өнгөрлөө. Юун хүүхдэдээ байр өгөх, сар бүрийн тэтгэмжээ шилжүүлдэггүй, байр, тэтгэмжээ болиг гэхэд хүүхэдтэйгээ ч уулздаггүй хүн. Монголоор л дүүрэн энд тэнд хүүхэдтэй эрчүүд, ганц бие ээжүүд. Хэд нь яг хүүхдийнхээ өмнө үүргээ биелүүлдэг бол доо?

Би уул нь хүүхдээ өсгөж буй бүх зардлаа нэхээгүй юм шүү дээ. Сар бүр 100 мянган төгрөгөө явуулдаг бол жилд 1,200,000 төгрөг л болно. Гэтэл сургуулийн төлбөр нь гэхэд 8-10 сая төгрөг байна. Улаанбаатарт улсын сургуулийн багтаамж ямар байгаа билээ дээ. Сургалтын төлбөр нэхвэл ганц хүүхэд өсгөчхөөд төлбөр нэхээд хэвтлээ гэх байлгүй! Уул нь хамт амьдарч байхдаа ч, салсан хойноо ч тэр хүнээр тэжээн тэтгүүлж үзээгүй. Гол нь хүүхэд минь аавтайгаа уулзаж, насанд хүрээд аавынхаа өгсөн байранд тусдаа гарч, сэтгэл зүйн хувьд аавтай хүн шиг байгаасай л гэж хүссэн юм.

Нялх хүүхэдтэй ганц бие эмэгтэй ажил хайх амаргүй юм билээ. Нөхөргүй, хүүхэдтэй гээд анкетаа үнэн зөв бөглөвөл хэн ч ярилцлагад дуудахгүй, ганц бие эсвэл нөхөр хүүхэдтэй гэвэл л дуудна даа. Тэглээ гээд хүүхдээ нууна, худлаа ярина гэж юу байх вэ дээ. Тэр үеэ даваад боломжийн амьдарч байна. Ээж минь туслаагүй бол яах байсныг хэлж мэдэхгүй нь. Хүүхдээ төрүүлэх, гэр бүл салах, ажил хийх, боловсролоо дээшлүүлэх гээд бүхний ард ээж минь байлаа. Одоо би ахиж хүнтэй суух, ялангуяа хүүхэдтэй болохгүй гэж боддог. Ганц өөрийгөө авч явахад ч амаргүй нийгэмд хичээж байгаад хүүхдээ боловсролтой болгож чадвал л болно доо.

(Улаанбаатар, 37 нас)

X