Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

ДАШЗЭВЭГИЙН ОЮУНЖАРГАЛ

ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Санхүүч, эдийн засагч. Банкны салбар, төрийн орон сууцны хөтөлбөрүүд, тээвэр ложистиксийн салбарт ажиллаж байсан. Бизнес дэх төрийн оролцоо, тэтгэврийн даатгалын тогтолцоог либералчлах сэдвийг сонирхон судалдаг. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, АЭХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх.

  • OyunjargalD

Би 18 настайдаа ЕБС-иа төгсөөд, ОХУ-д суралцахаар явсан. Намайг оюутан ахуйд наймаа ид хүчээ авч байлаа. Ах маань уран гартай хүн л дээ. Тухайн үед 10 төгрөгөөр зарагддаг байсан цагаан, цэнхэр өнгөтэй, эрэгтэй хүний дотуур өмд цамцны хослолоос худалдаж аваад, барууны загвартай цамц хоёр ширхэгийг оёчихно. Ингээд би ахыгаа дагаж оролдсоор, хэдэн цамц оёод Орос руу авч явдаг боллоо. Өнөөх цамцаа дотуур байрныхаа оросууд, местный солонгосчуудад 70 рублиэр зардаг. Ингэхээр 10 төгрөгөө 540 төгрөг болгоно гэсэн үг. Ганцхан цамц худалдахад л бүтэн сарынхаа стипендийн мөнгийг олчхож байгаа юм. Ингэж, хичээлийнхээ хажуугаар амьдрахуйн ухаанд суралцсаар 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль буюу одоогийн Байгалийн эдийн засгийн академийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр төгсөөд ирсэн. Монголын үе үеийн гарамгай эдийн засагчид, сангийн сайд нарыг төгсгөсөн гэдгээрээ манай сургууль алдартай. Монголын нам, төрийг 40 гаруй жил удирдсан Ю.Цэдэнбал агсан ч манай сургуулийн төгсөгч. 

1990 онд Монгол Улсад зах зээлийн харилцаа руу шилжих үйл явц өрнөж, нийгмийн байдал ороо бусгаа байлаа. Өмнө нь яамнаас хуваарилсан газар руу заавал явж ажилладаг байсан бол намайг их сургуулиа төгсөх үед Монгол Улс нэгэнт зах зээлийн харилцаанд шилжих нь тодорхой болоод, яамны шаардлага ч зөөлөрчихсөн байсан. Иймээс Төв аймаг явж ажиллахаас татгалзаад, өөрийн хүслээр ажлын гараагаа Зөвлөлтийн барилгын гуравдугаар трестээс эхлүүлж билээ. 

Тэнд гурван жил нягтлангаар ажиллаж байтал Зөвлөлтийн барилгын трестүүд татан буугдсан. Залгаад ганзагын наймааны үе эхэлж, ахыгаа дагаад Хятадаас бараа авчраад тохиролцооны дэлгүүрт зардаг болов. Үүний дараагаар, 1996-1998 онд Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлийн албанд ажилласан. Хувьцааны хоёр дахь зах зээл эхэлж, Хөрөнгийн бирж ид идэвхтэй байсан үе л дээ. 

Дараа нь 1998-2009 оныг дуустал “Монгол шуудан” банканд гүйцэтгэх захирлын хариуцлагатай алба хашиж байлаа. Надаас өмнө Монголд банкны гүйцэтгэх захирлаар эмэгтэй хүн ажилласан удаагүй. Бүгд л “Хөөх, банкны захирлаар эмэгтэй хүн ажиллаж болдог юм уу” гэх байдлаар хүлээн авсан. Харин тэр үеэс хойш “Зоос” банкны захирлаар Ш.Чуданжий, “Голомт” банкны захирлаар Л.Оюун-Эрдэнэ, өдгөө “ХААН Банк”-ны гүйцэтгэх захирлаар Р.Мөнхтуяа гэхчлэн, хүчирхэг, сайн эдийн засагч эмэгтэйчүүд банкны салбарын удирдах албанд ажиллаж байна.

Захирлаар нь ажиллах хугацаандаа “Монгол шуудан”-г бүх аймаг сумд салбартай, сүлжээгээрээ Монгол Улсад хоёр дахь том банк болгосон. Хөдөө, орон нутагт хоёр банк үйл ажиллагаа явуулж эхэлснээр өрсөлдөөнийг бий болгож, зээлийн хүү буурах, банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр болсон түүхтэй. Би “Монгол шуудан” банкны гүйцэтгэх захирлаар 12 жил ажиллахдаа өөрийгөө мэргэжлийн хувьд хүлээн зөвшөөрөгдөж чадсан гэж боддог. Тийм ч учраас 2005 онд Монголын банкны холбооны хоёр дахь ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгогдсон болов уу. 

Дээрх хугацаанд хувьдаа ардчилал, зах зээлийн чөлөөт харилцааг дэмжиж ирсэн. 1996 онд байгуулагдсан “Залуу лидер” клубийн Удирдах зөвлөлийн гишүүнээр идэвхийлэн ажилласан минь үүний нэг тод илрэл. Тус клуб манлайлагч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог залуучуудыг намын гишүүнчлэл харгалзахгүй нэгтгэж, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Улс төрийг сонирхох болсон маань “Залуу лидер” клубээс эхлэлтэй.

Ардчилсан намд 2009 онд гишүүнээр элссэн. Түүнээс ч өмнө ардчиллыг дэмждэг байсан ч банкны захирал хүн улс төрийн намд харьяалагдах нь зохимжтой биш. Харин 2009 онд “Монгол шуудан” банкны гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгөөд, 2010 оноос хойш АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байна. Мөн өдгөө АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашиж байгаа.

Миний хувьд, гадаадын хөрөнгө оруулалттай банк, тэдгээрийн салбарыг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй гэж үздэг. Ингэвэл эрүүл өрсөлдөөн нэмэгдэж, банкнууд өөрсдийн нөхцөлийг хэт тулгах нь багасна. Монголд системийн арваад банк үйл ажиллагаа явуулж байгаа ч, яг нөлөө бүхий гэвэл гурав, дөрөвхөн л банк байна. 

Хоёрдугаарт, Монгол Улсын уул уурхай, ашигт малтмалын салбарт баримталж байгаа бодлого шийдэмгий бус байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ч юм шиг, үгүй ч юм шиг хоёрдмол байр суурьтай, тодорхой бус. Гэтэл бид аль нэг талд нь тодорхой байр суурь илэрхийлж байж л бодитой үр дүнд хүрнэ. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг том эрсдэл. Гэтэл нэг аймгийн ИТХ ч юм уу, сумын ИТХ-аас энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажилд удаа дараа хориг тавьдаг. Энэ асуудлыг Улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор зангидаж явах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж стратегийн том ордуудад түшиглэсэн төсөл эхлүүлэхдээ ч гэрээ, хэлцэл дээрээ сайн ажиллах нь чухал гэдгийг Оюу толгойн туршлага бидэнд сануулсан. 

2012 онд Ардчилсан нам сонгуульд олонх болж Засгийн газрыг бүрдүүлэн ажиллах болсноор би “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын дэд захирлаар дөрвөн жил ажилласан. ТОСК-ийн хамт олон энэ дөрвөн жилд олон ажлыг шуурхай амжуулсан. Бага дунд орлоготой иргэдийн хэрэгцээнд нийцсэн орон сууцны төслийг  Улаанбаатар хотын Буянт-Ухаад болон бусад зургаан аймагт хэрэгжүүлсэн.

Монгол Улсад түрээсийн орон сууцны нэгдсэн тогтолцоо байхгүй, хувь иргэд л орон сууцаа түрээслүүлэх үзэгдэл нийтлэг байсан. Манай хамт олон Барилга хот байгуулалтын яамтай хамтран Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж, 2014-2016 онд нийт 52 тэрбум төгрөгийн 592 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлсэн. Улмаар байр худалдан авах санхүүгийн болон банкны зээлийн шалгуур хангаж байр худалдан авах боломжгүй, гэр хороололд амьдардаг, зорилтот бүлэг гэж тухайн үедээ тодорхойлогдож асан, олон хүүхэдтэй болон залуу гэр бүл, төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай иргэдэд дээрх түрээсийн орон сууцуудыг сонгон шалгаруулах хамгийн шударга арга болох сугалаагаар олгох ажлыг гардан зохион байгуулж байлаа. Энэ шинэ эхлэлийн ажил маань зөв бодлого байсан гэдэг нь нотлогдож, түүнээс хойших Засгийн газрууд энэ ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаад баярладаг. 

Зах зээлийн эдийн засгийн гол зарчим бол төр нь иргэд, аж ахуйн нэгжүүдийг бизнес хийх таатай боломжоор эрх зүйн хувьд хангаж өгөх гэж боддог. Түүнээс төр бүхий л бизнесийг өөрсдөө хийнэ гээд хувийн хэвшлийн ажлыг булаан авах ёсгүй. Татварын таатай нөхцөл бий болгож, өндөр татвар авахаасаа илүү, боломжийн хэмжээний дарамт болохооргүй татварын системийг бий болгож, тэр хэрээрээ татвар төлөгч иргэд, бизнес эрхлэгчдийн бааз суурийг нэмэгдүүлснээр улсад орох татварын хэмжээ нэмэгдэнэ. Өндөр татвартай байлаа гээд цөөхөн хэдэн том компани л татварын орлогын ихэнхийг бүрдүүлж, жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь татварын дарамтын өмнө сөхөрч, дампуурч байна. Дарамттай татварын нэг том жишээ бол нэмэгдсэн өртгийн албан татвар юм. Бүхий л орлогоос шууд 10 хувь авч байгааг таван хувь болгочихвол аль аль талдаа ихээхэн ашигтай. 

Хүн чаддаг, мэддэг, мэргэшсэн хүрээндээ санаачилгатай, нөлөөлөлтэй, түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг байх ёстой. Улс төрд ч гэсэн тэр л зарчмыг баримталж ажиллах ёстой гэж боддог. 

X