Ардчиллынхны өрсөлдөөн ил байдаг.
– Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэж авлаа. Ардчилсан намын нэр дэвшүүлэх ажиллагаа дуулиан ихтэй болж өнгөрсөн. Энэ талаар тантай ярилцья гэсэн юм.
Монголын улс төрийн дотоод, гадаад орчин амаргүй байна. Манай улс ардчиллаас ухарч, нэг намын дарангуйлал тогтох магадлал өндөр байгаа талаар бид хангалттай ярьж, бичлээ. Ийм нөхцөлд улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд заавал ялалт байгуулж, иргэдийнхээ ашиг, улс эх орныхоо тусгаар тогтнол, ардчилсан тогтолцоог хамгаалах, эдийн засгаа хүчирхэгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулах зоригтой реформ хийх зорилго дэвшүүлж байгаа. Ардчилсан намын бодлогыг УИХ, Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэх чадвартай, иргэдээ төлөөлөх чадамжтай, туршлагатай улс төрчдийн дунд өрсөлдөөн өрнөсөн учраас манай Үндэсний бодлогын хорооны гишүүд эмоц ихтэй байсан.
Харин Монгол ардын намын хувьд, хулгайд холбогдсон улс төрчдөө ард түмнээсээ нууж, анхаарлыг сарниулахын тулд жагсаалтаа цоо шинэ залуусаар чимэх гэж оролдлоо. Тэр дотор мундаг залуус байхыг үгүйсгэхгүй, гэхдээ эрх баригч улс төрийн хүчний алдаа завхралын халхавч болон кноп болж орж ирж байгаад харамсаж байна. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжрав уу, муудав уу, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого яав гэдэгт бодит дүгнэлт хийх нь чухал шүү дээ. Алийн болгон ирээдүй цаг дээр амьдрах вэ гэдэг байна.
– Монгол ардын нам нийгмийн төлөөллийг хамруулсан гэж байна, танай намын хувьд төлөөлөл хэрхэн хангагдаж байгаа вэ?
Коммунизмын үед Ардын их хурал гэж байхад үйлдвэрчний төлөөлөл, малчдын төлөөлөл гэх мэтээр нийгмийн бүлгүүдийн төлөөллийг томилж авч ирдэг байсан гэдэг. Харин ардчилсан улсад парламентад нийгмийн төлөөллийг хангахдаа иргэд, сонгогдчидтойгоо тулж ажиллаж, эрх ашгийг нь төлөөлж бодлого тодорхойлох түвшинд үр нөлөөтэйгээр ажиллах хүмүүсийг чөлөөт, шударга сонгуулиар тодруулдаг зарчимтай. Нэг компанийн захирлыг хүчээр оруулж ирчхээд, энэ хүн бүх бизнес эрхлэгчдийг төлөөлнө гэх нь хаашаа ч юм.
Бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө явах хүн заавал өөрөө бизнес эрхлэгч байх ч албагүй. Харин салбарын асуудлаа ойлгодог, тухайн салбарынхныхаа саналыг сонсдог, дэмжлэгийг нь авдаг байх ёстой. Жишээ нь, Ардчилсан намаас говийн бүсэд нэр дэвшсэн Л.Одсэр, хойд бүсэд нэр дэвшсэн Х.Эрдэнэбаатар нар “Чинээлэг малчин” гэдэг малчдын аж ахуйг бизнес болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Тэд бол малчдын зовлон жаргалыг хамгийн ихээр ойлгож, малчдынхаа төлөө явах хүмүүс гэж харж байгаа. Тиймээс төлөөлөл гэдгийг их бодитоор ойлгох учиртай.
Түүнчлэн, МАН-ын жагсаалтын эхний 10-т МУХАҮТ-ын ерөнхийлөгч, МҮЭХ-ны ерөнхийлөгч, ШУА-ийн ерөнхийлөгч гэх мэт салбарын төв байгууллагуудын удирдлагууд шууд орж ирж байна. Энэ нь тухайн байгууллагуудын бие даасан байдалд ноцтой нөлөөлнө шүү дээ. Эрх баригчид иргэний нийгмийн эрх чөлөөг боомилж, бие даасан байдалд халдах, өөрсдийн гар хөл болгон ашиглах явдал улам л газар авах болсон. Хэл ам дагуулсан хууль хүртэл оруулж ирсэн. Энэ удаагийн МАН-ын нэр дэвшилт энэ үзэгдлийг улам даамжруулсан нь энэ нам цаашид ямар бодлого барихыг харууллаа. Парламентын төлөөлөл гэдгийг хүртэл коммунист хандлагаар хийх гэж зорьж байна.
– Ардчилсан нам, Монгол ардын нам ямар ч ялгаагүй гэдэг шүүмжлэл байдаг. Тэгвэл Ардчилсан нам үнэхээр ялгарч чадах уу?
Хэлбэрийн хувьд, Ардчилсан нам, Монгол ардын нам ямар ялгаатай нь саяны нэр дэвшилтээс хүртэл харагдлаа шүү дээ. Улс төрийн байгууллага амьд, өрсөлдөөнтэй байж гэмээнэ элдэв алдаа, завхралаас сэргийлж чадна. Ардчилсан намынхан хэзээ ч Монгол ардын нам шиг чимээгүй хуйвалдаад 60 тэрбумын схем зураад сууж байхгүй, тийм нөхцөл ч байхгүй. Ардчиллынхны өрсөлдөөн ил байдаг болохоор манайхан хувь хүмүүсийн хувьд илүү их дайралтад өртөж, илүү их “шархддаг” байж болох.
Агуулгын хувьд, Ардчилсан нам бол монголчуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон цор ганц нам гэдэг нь өдөр ирэх тусам улам бүр ойлгомжтой болж ирж байна. Эргээд харахад, ардчилсан хувьсгал бол тусгаар тогтнолын төлөөх, эрх чөлөөний төлөөх хувьсгал байжээ. Бид тусгаар улсын хувьд хувь заяаныхаа эзэн байх түүхэн цаг үед амьдарч байна. Монгол Улс хөгжих үү эс хөгжих үү, монголын ардчилал орших уу эс орших уу гэдэг сонголтыг Ардчилсан нам авч гарах ёстой. Энэ бүхнийг хамгаалж, авч явах үүрэг, хариуцлага бидэнд ноогдож байна.
Монгол ардын намын бодлого, шийдвэр манай улсыг хааш нь хөтөлж байгааг бид бодитоор харж байгаа. Ковидын үед яаж дарангуйллаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж хэн цамналаа. Монголын түүхэн дэх хамгийн бяртай Ерөнхий сайд бодит ажлын тайлангаа тавьж чадахгүй шударга ёсны эрэлд хатсан хэвээр байна шүү дээ. Найман жил дангаар засагласан Монгол ардын нам авилгал, хулгайдаа живсэн, эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн. Энэ бүхнээ хаацайлахын тулд бизнес эрхлэгчид, сэтгүүлчдийг шоронгоор айлгаж, увайгүй улс төр хийж байна. Тийм ч учраас сонгуулиар иргэд эрх баригчдын ажлын үр дүнг үнэлж, дүн тавих учиртай.
Нөгөө талаас, манай намынхан ч гэсэн эрх мэдэлтэй байх үедээ суурь зарчмуудаасаа ухарч, алдаа дутагдал гаргаж байснаа хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ процесс Ардчилсан нам дотор одоо хэр явагдаж байна.
Хувь улс төрчдийн түвшинд ярих юм бол, Ардчилсан намын нэгэн том ялгарал бол манай эмэгтэйчүүд. Ардчиллын эмэгтэйчүүд бол бие даасан улс төрийн манлайлалтай, бусдын төлөө ажиллах өрнүүн их хүсэл эрмэлзэлтэй, энэ бүхнээ он удаан жилийн хөдөлмөр, зүтгэлээр нотолж чадсан.
– Ардчилсан намын эмэгтэйчүүдийн нүүр царай болж ирсэн З.Нарантуяа гишүүн жагсаалтад багтсангүй. Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд таныг Ардчилсан намын эмэгтэйчүүдийн жагсаалтыг өнгөлөх байх гэсэн хүлээлт байсан. Гэтэл жагсаалтын эхэнд С.Одонтуяа, С.Цэнгүүн нар бичигдлээ. Нэр дэвшилт яаж явагдсан бэ?
Би Ардчилсан намын хамгийн том бүтцийн байгууллагыг удирдаж байгаа хүн. Тэр утгаараа нийт эмэгтэйчүүдийнхээ боломжийг тэлэхэд анхаарч, холболт хийж ажиллах үүрэгтэй. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд 100 гаруй эмэгтэйчүүд бий. Мөн өнгөрсөн жил гарны хугацаанд маш олон шинэ залуус, эмэгтэйчүүд манай намд элссэн. Тойрогт нэр дэвших хүсэлтээ 60 гаруй эмэгтэй илэрхийлсэн байсан.
2020 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотоос сонгогдсон цор ганц гишүүн С.Одонтуяагаар жагсаалтаа ахлуулж НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, мөн НИТХ-д удаа дараалан сонгогдож байсан АН-ын дэд дарга П.Батчимэг, Нийслэлийн АЭХ-ны тэргүүн П.Пунсалмаа, залуусын төлөөлөл болсон С.Цэнгүүн тэргүүтэй Улаанбаатар хотоо хүүхэд залууст ээлтэй, гэр бүлд ээлтэй хот болгон хөгжүүлж чадах эмэгтэйчүүдээр өнгөллөө.
Бид хотод нэр дэвшиж буй залуустайгаа хамтраад Улаанбаатар хотыг 4 жилийн хугацаанд бүрэн өөрчилж, хүүхдэд ээлтэй, гэр бүлд ээлтэй хот болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Харин орон нутгийн томсгосон тойргуудад олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн, хөдөөгийн амьдралыг мэдэх З.Нарантуяа, Д.Үүрийнтуяа тэргүүтэй лидер эмэгтэйчүүдээ илгээх шийдвэрийг намын удирдлагын түвшинд гаргасан.
Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт маш их ач холбогдол өгч байна. Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх нэр дэвшигчдийн эгнээнд олон жил багш нарын цалинг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр нөлөөллийн ажил хийж ирсэн Ц.Мөнхтуяа багш, мөн боловсрол судлаач, Стэнфордын их сургуулийн төгсөгч Э.Сундарь, “электрон жаал” хэмээх доктор Э.Энхпүрэв нарын хүмүүс багтсан. Эрүүл мэндийн салбараас гэвэл нийтийн эрүүл мэндээр мэргэшсэн Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд, Г.Ууганцэцэг нарын бодлогын түвшинд ажиллах мэргэжилтнүүд нэр дэвшиж байна.
Нөгөө талаас, Ардчилсан намын нүүр царай болж ирсэн зарим залуус, эмэгтэйчүүд мандатаа авч чадаагүйд мэдээж сэтгэл гонсгор байна. Ардчилсан намыг институци болгон төлөвшүүлэхэд шаардагдах дүрэм журам, бичиг баримт дээр ажиллаж ирсний хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм журмын хүрээнд мерит зарчмаар асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэж, найдаж байсан. Энэ бол мөн л Ардчилсан нам дотор явж байгаа процесс. Ардчиллын шинэ үеийнхэн хаалганы ард хийгддэг тохирооны улс төрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг саяны ҮБХ-ны хурал харуулсан гэж бодож байна.
– Энэ сонгуулийн ач холбогдлыг та юу гэж харж байна?
Би бусдын адил өөрчлөлтийг хүсэж байна. Бидний залуу нас Улаанбаатар хотын түгжрэл, утаан дунд замхарлаа шүү дээ. Тиймээс тулгамдсан асуудлуудаа шийдэх улс төрийн хүсэл зориг бүхий парламент, Засгийн газар бүрэлдэх ёстой гэж харж байна. Шийдэл бодож олж болно, санхүүг нь шийдэж болно, гол нь хүсэл зориг хэрэгтэй байна.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд гарсан шинэ санал, санаачилга бүхэн Ардчилсан нам болон Ардчилсан намын гишүүдээс эхтэй байсан. Энэ удаад ч бид нийгмийн бүхий л салбарт бодитой реформ хийх зоримог мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа. Монгол ардын намын хувьд хүчээ нэгтгээд ямар үр дүнд хүрсэн нь ард түмний өмнө ил байна. Улс орныхоо ирээдүйг харж засаглана гэдэг гялгар өнгө будагтай реклам хийхийн нэр биш. Иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэх боловсон хүчин, эр зориг Ардчилсан намд бий.