Захирал эхнэртэйгээ хамт суучхаад “Ахиад жил ажилласан бол дэвшүүлэх байсан юм. Одоогийн залуус шантрамтгай, ажил хийж сураагүй” гэдэг юм. Дотроо “Яг юунаас шантарсан билээ дээ, новш оо?!” гэж бодсон ч айгаад хэлээгүй л дээ.
Тэр студид гурван жил ажилласан. Захирал нь надаас 30 насаар ах, олны танил хүн. Эхнэр нь хамт ажилладаг байхад л намайг жижиг сажгаар өдөөд. Би аймаар ичдэг, уул нь өөрөө буруугүй ч мэдчих вий гээд эхнэрээс нь айгаад, ёстой дарамттай байсан. Анхны ажил болохоор юм сурчих гээд л удаан тэссэн. Эхлээд сторинд зүрх дараад, шалиг юм бичиж эхэлсэн юм. Нэг удаа “Шувуу хүртэл хосоороо байхад би л ганцаараа” гээд мэмэ сторидтол орж ирээд “Хостой болох амархан. Хажуу дахь хүнээ хар л даа” нтр гээд эхэлдэг юм. Ажил дээр байхад хүртэл чаатаар бичнэ. Өнөөдөр тачаангуй харагдаж байна, дандаа ингэж хувцаслаач гэдэг ч юм уу. Эсвэл олны дунд “Алив залуугаараа чи хүзүү бариад өг дөө. Хуян хөарөөд байна” гэдэг ч юм уу. Сонсоогүй юм шиг өнгөрөх ч хэцүү, сонссон болоод татгалзах ч хэцүү. Сүүлдээ зөрөхдөө гуя илнэ, яаж байгаа юм гэхээр яасан юм гээд юу ч болоогүй аятай хэлнэ. Андуурчхав уу гээд эргэлзтэл мэдэн будилна шүү дээ. Гуяа илэхийг андуурна гэж байхгүй биз дээ, уул нь? Тийм үед чинь шууд гуя илсэн гээд хэлэлтэй биш. Юу яриад байгаа юм гэнэ, тэр бол. Валентинаар хэнээс гэдэг нь тодорхойгүй баглаа цэцэг ирдэг юм, ажлаар нэг юм болж байгаа юм, тэгсэн чинь чаатаар “Цэцэг таалагдсан уу?” нтр. Шууд нүдэн дээр нь хогийн сав руу хийсэн чинь нэг их чангаар “Ийм болохоороо борлогдохгүй байгаа юм” гэдэг юм. Ажлынхан учрыг нь мэдэхгүй болохоор инээлдээд л. Манай ажлын 00 эрэгтэй, эмэгтэй цуг, дотроо 2 хаалгатай. Тэгсэн 00-д араас орж ирээд тэвэрч аваад үнсэх гэж дайрлаа. Тас тэврээд, өгзөг базаад. Би орилно шүү гэж хэлж байж мултарсан. Тэгээд л эхнэрт нь ажлаасаа гарах хүсэлтээ өгөөд гарсан даа. Тэгсэн чинь эхнэртэйгээ хамт суучхаад тэгж хэлсэн юм даа.
Хуульчаас зөвлөгөө авч үзсэн. Ажлын байрны бэлгийн дарамт чинь нотлоход хэцүү эд юм билээ. Тэгээд ч залуу хүн дараагийн ажлаа бодоод зүгээр өнгөрсөн. Эхнэрийг нь ч өрөвдсөн. Надад үнэхээр сайн ханддаг, гоё эгч болохоор нь чадаагүй л дээ.
Одоо л би хэвийн ярьж байгаа ч гэсэн тэр үедээ сэтгэл гутралд орсон. Бэлгийн дарамт бол төвөгтэй. Яг дарамтлаад байгаа юм уу, үнэхээр сэтгэлээ илчлээд байгаа юм уу, би хэтрүүлж бодоод сүржигнэсэн юм болов уу, эсвэл би өөрөө тийм амархан хүүхэн шиг харагдахаар биеэ авч яваад байгаа юм уу гээд эргэлзээд байдаг юм билээ. Биеэ зөв авч явах гээд битүү хувцаслаад, инээж ханиахаа ч болиод эхэлж байгаа юм. Сүүлд нь яг тэр 00-д дайрахад л “бэлгийн дарамт” гэдэг нь тодорхой болсон.
Ер нь урлагийн салбарт их түгээмэл үзэгдэл шүү дээ. Зүгээр энгийн маазрааны тал нь хоёрдугаар сувгийнх, тэрнийг нь сонсож байгаа эмэгтэйчүүдэд тухгүй байдгийг ч анзаардаггүй. Тэгээд залуу эмэгтэйчүүдийг өдөж хоргоохоо юман чинээ бодохгүй, угаасаа “дуртай” гээд буруу ойлгодог. Дургүйцэхээр хөгжилтэй биш, наргиан ойлгодоггүй, хуучинсаг гэцгээдэг. Хоорондоо л “тэр ёстой сэжгийн” гээд ярьдаг болохоос юу ч хийж чаддаггүй. Соёлын салбарын жендэрийн тэгш байдал яриад л байдаг, үнэндээ иймэрхүү наад захын соёлоо өөрчлөхгүйгээр эмэгтэйчүүд ажиллана гэж байхгүй ээ. Бэлгийн дарамттай холбоогүйгээр ер нь голцуу цаг наргүй, шөнө оройгүй ажилладаг, хөдөө гадаа их явдаг гээд салбарын онцлог нь эмэгтэйчүүдэд амаргүй.